Ирландын "Student Campus" сургуулийн хаалгаа барьж, хохирогч Монгол оюутнуудын тоо нэмэгдсээр байна.
- Mongolian Students Ireland
- Jun 27
- 6 min read

Лимерик, Ирланд | 2026.06.27
Ирландын Лимерик хотод үйл ажиллагаа явуулж байсан Student Campus англи хэлний сургууль 2026 оны зургадугаар сард гэнэт үйл ажиллагаагаа бүрэн зогсоосноор олон улсын хэдэн зуун оюутан хүнд нөхцөлд орлоо. Сургалтын төлбөрөө бүрэн төлсөн ч хичээлдээ сууж чадаагүй, визийн асуудал нь тодорхойгүй болсон оюутнуудын дунд Монгол Улсын иргэд ч багтаж байна.
Ирландын үндэсний хэвлэлүүдийн мэдээлснээр тус сургуульд тухайн үед суралцаж байсан 250 орчим оюутан сургалтгүй үлдсэн бол, дахин 300 гаруй оюутан сургалтын төлбөрөө урьдчилан төлөөд Ирланд руу ирэхээр төлөвлөж байсан аж. Хохирогчдын дунд Бразил, Алжир, Монгол, Мексик, Чили, Аргентин, Коста Рика зэрэг улсын иргэд багтаж байгаа талаар RTÉ News, Irish Examiner мэдээлжээ.
Энэ нь зөвхөн нэг сургуулийн хаалт биш юм. Ирландад англи хэлний сургалтаар суралцдаг олон улсын оюутнуудын оршин суух зөвшөөрөл (IRP) нь сургуулийн бүртгэлтэй шууд холбоотой байдаг учир тус сургуулийн үйл ажиллагаа зогссон нь олон зуун оюутны хууль ёсны оршин суух эрх, сургалтын төлбөр, цаашдын суралцах боломжид шууд нөлөөлөөд байна.
"Засвар хийж байна" гэсэн ч сургууль дахин хаалгаа нээсэнгүй...

Student Campus сургуулийн удирдлага 2026 оны зургаадугаар сарын 10-нд оюутнууд болон ажилтнуудад илгээсэн цахим шуудандаа барилгын усны шугамтай холбоотой асуудлын улмаас сургалтыг түр хугацаагаар зогсоож, зургаан хоногийн дараа хэвийн үргэлжлүүлнэ хэмээн мэдэгдсэн байна.
Оюутнууд эхэндээ энэ нь богино хугацааны техникийн саатал гэж ойлгож байжээ.
Гэвч зургаадугаар сарын 19-нд дахин цахилгаан болон интернэтийн асуудал гарсан гэх шалтгаанаар сургалтыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан тухай мэдэгдэл хүргүүлсэн байна.
Үүнээс хойш сургуулийн байр дахин нээгдээгүй бөгөөд сургуулийн удирдлагын зүгээс оюутнууд болон ажилтнуудад нөхцөл байдлын талаар тодорхой мэдээлэл өгөөгүй аж.
Олон улсын хэвлэлүүдийн мэдээлснээр энэ хугацаанд сургуулийн багш нар цалингаа авч чадахгүй болсон төдийгүй, олон улсын оюутнууд виз болон сургалтын асуудлаараа тодорхойгүй нөхцөлд үлджээ.
Монгол оюутан: "Төлбөрөө төлсөн ч визийн сунгалтын баримтаа авч чадсангүй"
Энэ асуудлаар сурвалжлагч Монгол оюутан Солонготой холбогдон ярилцлаа.
Тэрээр 2026 оны тавдугаар сарын 25-нд Student Campus сургуульд бүртгэлээ сунгах зорилгоор 1,090 еврогийн сургалтын төлбөрөө бүрэн төлсөн байна.
Гэвч сургалт эхлэхээс өмнө сургууль үйл ажиллагаагаа зогсоосноор визийн сунгалтад шаардлагатай Learner Protection Insurance (Оюутны хамгаалалтын даатгал) болон бусад холбогдох бичиг баримтаа авч чадалгүй үлджээ.
Солонго хэлэхдээ,
"Би Student Campus сургуульд бүртгэлээ сунгахын тулд тавдугаар сарын 25-нд 1,090 еврогийн төлбөрөө төлсөн. Гэтэл удалгүй сургууль хаагдаж, визийн сунгалтад шаардлагатай даатгал болон бусад бичиг баримтаа авч чадалгүй үлдсэн." гэв.
Түүний хувьд одоогоор сургалтын төлбөрөө буцаан авах эсэх нь тодорхойгүй байгаа төдийгүй Ирландад оршин суух зөвшөөрлийн асуудал нь мөн шийдэгдээгүй хэвээр байна.
Ирландын англи хэлний сургалтын тогтолцоонд суралцаж буй олон улсын оюутнууд сургуулийн бүртгэлээ шинэчилсний дараа сургуулиасаа олгосон бичиг баримтаар оршин суух зөвшөөрлөө сунгуулдаг. Харин Student Campus сургуулийн үйл ажиллагаа гэнэт зогссоноор Солонгын адил нөхцөл байдалд орсон олон улсын оюутнууд цөөнгүй байгаа талаар Ирландын хэвлэлүүд мэдээлжээ.
Сургууль хаагдах тухай мэдээллийг үгүйсгэсэн Монгол зуучлагчийн талаар тайлбар авахыг оролдсон нь...
Монгол оюутан Солонгын ярьснаар, сургалт удаа дараа хойшлогдож, сургууль нээгдэхгүй байсаар байх үед тэрээр бусад олон улсын оюутнуудаас Student Campus сургууль санхүүгийн хүндрэлд орж, хаагдах гэж байна гэх мэдээллийг сонссон байна.
Үүний дараа өөрийг нь тус сургуульд зуучилсан Монгол гаралтай "Б" гэх эмэгтэйгээс нөхцөл байдлыг тодруулахад "Энэ бол үндэслэлгүй мэдээлэл. Ийм худал мэдээллийг цааш тарааж болохгүй. Сургуульд ямар ч асуудал байхгүй" гэсэн тайлбар өгсөн талаар Солонго ярьжээ.
Харин үүнээс хойш удалгүй Student Campus сургууль үйл ажиллагаагаа бүрэн зогсоож, албан ёсоор хаагдсан байна.
Мөн тухайн зуучлагчаас тайлбар авахаар холбогдсон бөгөөд тэрээр "Би одоо тус сургуульд ажиллахаа больсон" гэсэн хариу өгсөн юм.
Гэвч тухайн зуучлагч нь 2026 оны зургаадугаар сарын 20-ны өдөр, сургууль хэдийнээ үйл ажиллагаагаа явуулахгүй болсон байсан хугацаанд өөрийн Facebook болон Instagram хуудсаар дамжуулан "Наадмын 50 хувийн хямдрал" нэртэй сурталчилгаа байршуулж, Student Campus сургуулийн шинэ элсэлтийн мэдээллийг нийтэлсэн нь тогтоогдсон.
Тухайн сурталчилгаа нь сургууль хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа мэт ойлголт төрүүлэхээр байсан бөгөөд энэ талаар тухайн зуучлагчаас дахин тодруулга авахыг хүссэн боловч нийтлэл бэлтгэх хугацаанд нэмэлт тайлбар ирүүлээгүй болно.
Хэдэн зуун оюутан тодорхойгүй нөхцөлд үлдэв

RTÉ News болон Irish Examiner сонинд мэдээлснээр, Student Campus сургуулийн хаалт зөвхөн Ирландад суралцаж байсан оюутнуудад бус, сургалтын төлбөрөө төлөөд ирэхээр төлөвлөж байсан олон улсын оюутнуудад ч хүндээр тусжээ.
Одоогийн байдлаар ойролцоогоор олон улсын 300 гаруй оюутан сургалтын төлбөрөө бүрэн төлчихөөд Ирланд руу ирэхээр бэлтгэж байсан аж.
Хохирогчдын дунд Бразил, Алжир, Монгол, Мексик, Чили, Аргентин, Коста Рика зэрэг улсын иргэд багтаж байгаа бөгөөд тэдний ихэнх нь сургалтын төлбөрөө урьдчилан бүрэн төлсөн талаар Ирландын хэвлэлүүд онцолжээ.
Дахин хэлэхэд Олон улсын оюутнуудын хувьд зөвхөн сургалтын төлбөрөө алдах эрсдэл үүсээд зогсохгүй Ирландад хууль ёсоор оршин суух эрх, цаашдын суралцах боломж нь ч тодорхойгүй нөхцөл байдалд хүрээд байна.
Шинэ удирдлага өмнөх удирдлагыг буруутгав
Student Campus сургуулийн үйл ажиллагаа яагаад ийм нөхцөлд хүрсэн талаар Irish Examiner сонин сургуулийн шинэ эзэмшигч Эназ Ева (Enaz Eva)-гийн байр суурийг нийтэлжээ.
Тэрээр 2026 оны зургадугаар сарын 2-нд сургуулийн үйл ажиллагааг хүлээн авсан бөгөөд тухайн үед сургуулийн санхүүгийн бодит нөхцөл байдал өөрт нь танилцуулснаас хавьгүй хүнд байсныг хожим олж мэдсэн гэж мэдэгдсэн байна.
Эназ Евагийн хэлснээр, өмнөх удирдлагаас их хэмжээний өр төлбөр, шийдвэрлэгдээгүй санхүүгийн асуудал, мөн оюутнуудад шууд нөлөөлөх эрсдэлүүдийг үлдээсэн бөгөөд эдгээр мэдээллийг шинэ удирдлагад бүрэн шилжүүлээгүй аж.
Тэрбээр сургуулийн санхүүгийн асуудлыг шийдвэрлэж, үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхээр ажилласан ч нөхцөл байдал төсөөлж байснаас хүнд байсан тул сургуулийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх боломжгүй болсон гэж тайлбарлажээ.
Мөн Irish Examiner сонины мэдээлснээр Student Campus сургуулийн Learner Protection Insurance (LPI) буюу оюутны хамгаалалтын даатгал 2026 оны тавдугаар сарын 28-наас хүчин төгөлдөр бус болсон нь тогтоогдсон байна. Энэ нь тухайн хугацаанаас хойш сургуулийн бүртгэл хийсэн олон улсын оюутнуудын хувьд томоохон эрсдэл үүсгэсэн асуудал болжээ.
Шинэ удирдлагын зүгээс одоогоор холбогдох төрийн байгууллага болон Progressive College Network (PCN)-тэй хамтран ажиллаж, оюутнуудын асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа талаар мэдэгдсэн байна.
Сургуулийн хаагдсаныг албан ёсоор баталгаажууллаа
Зургадугаар сарын 27-ны өглөө Student Campus сургуулийн академик болон маркетингийн ажилтнууд оюутнуудад илгээсэн цахим шуудангаар сургуулийн үйл ажиллагаа албан ёсоор хаагдсаныг мэдэгдэв.
Уг мэдэгдэлд дурдсанаар, сургуулийн удирдлага зургадугаар сарын 26-ны өдөр Progressive College Network (PCN) болон оюутны хамгаалалтын даатгалын байгууллагад сургуулийг хааж буйгаа албан ёсоор мэдэгдсэн бөгөөд үүний дараа хаалтын ажиллагаа хүчин төгөлдөр болсон байна.
Ажилтнуудын мэдээлснээр сургуулийн удирдлагын зүгээс хаагдсан тухай мэдээллийг ажилтнууд болон оюутнуудад шууд хүргээгүй бөгөөд тэд өөрсдөө QQI, ILEP, ICOS, Ирландын Хууль зүйн яам, улс төрийн төлөөлөгчид болон хэвлэл мэдээллийн байгууллагуудтай холбогдон тусламж хүсч ажиллаж байжээ.
Мөн энэ хугацаанд Progressive College Network (PCN) байгууллага нөхцөл байдлын талаар ажилтнууд болон оюутнуудад тогтмол мэдээлэл өгч байсан бөгөөд сургуулийн албан ёсны хаалтын тухай мэдээллийг ч PCN-ээс хамгийн түрүүнд ажилтнуудад хүргэсэн байна.
"Contingency Plan" хэрэгжиж эхэлжээ
PCN-ийн мэдээлснээр сургуулийн албан ёсны хаалт баталгаажсанаар өмнө нь хэрэгжүүлэх боломжгүй байсан Contingency Plan буюу хохирсон оюутнуудад зориулсан түр зохицуулалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэх эрх зүйн үндэс бүрджээ.
Одоогоор энэхүү төлөвлөгөөний нарийвчилсан зохицуулалт бүрэн гараагүй байгаа ч дараах асуудлуудыг үе шаттай шийдвэрлэхээр ажиллаж байгаа аж.
•Хохирсон оюутнуудыг өөр ILEP бүртгэлтэй сургуулиудад шилжүүлэх
Сургалтыг аль болох богино хугацаанд үргэлжлүүлэх
Даатгалын байгууллагын оролцоотойгоор асуудлыг шийдвэрлэх
Ирланд руу ирэхээр төлөвлөсөн болон саяхан ирсэн оюутан бүрийн нөхцөл байдлыг тус тусад нь үнэлэх
PCN-ийн мэдэгдэлд "Албан ёсны хаалт баталгаажсан нь асуудлыг шийдвэрлэх үйл явц эхэлж буй хамгийн чухал алхам" болохыг онцолжээ.
Багш нар ч хохирогч болов
Student Campus сургуулийн хаалт зөвхөн оюутнуудад бус, сургуулийн ажилтнуудад ч хүндээр туссан байна.
Limerick Post сонинд мэдээлснээр багш нар дөрөвдүгээр сарын сүүлээс хойших цалингаа авч чадаагүй бөгөөд зарим ажилтанд 5000 евро хүртэлх цалингийн өр үүсээд байгаа аж.
Нэг багш хэвлэлд өгсөн ярилцлагадаа:
"Бидэнд ямар ч мэдээлэл өгсөнгүй. Цалингаа авч чадаагүйгээс эрүүл мэндийн даатгалын төлбөрөө төлөх боломжгүй болж, даатгалаа цуцлахаас өөр аргагүй болсон."
хэмээн ярьжээ.
Ажилтнуудын мэдээлснээр сургуулийн удирдлага хэдэн долоо хоногийн турш тодорхой мэдээлэл өгөөгүй бөгөөд багш нар өөрсдийн санаачилгаар оюутнуудад мэдээлэл хүргэж, төрийн байгууллагуудтай холбогдон ажилласан байна.
Визийн асуудал хамгийн том эрсдэл болоод байна
Ирландад англи хэлний сургалтад суралцаж буй олон улсын оюутнуудын оршин суух зөвшөөрөл нь сургуулийн бүртгэлтэй шууд холбоотой байдаг.
Иймээс Student Campus сургуулийн хаалт нь зөвхөн сургалтын асуудал биш бөгөөд оюутнуудын Ирландад хууль ёсоор оршин суух эрх, визийн сунгалт, цаашдын боловсролд шууд нөлөөлөх эрсдэл дагуулж байна.
Одоогоор төрийн байгууллагууд болон PCN хамтран оюутнуудыг өөр сургуулиудад шилжүүлэхээр ажиллаж байгаа боловч шилжилтийн журам, хугацаа, даатгалын нөхөн төлбөр, сургалтын төлбөрийг хэрхэн шийдвэрлэх талаарх эцсийн мэдээлэл хараахан гараагүй байна.
Монгол оюутнуудад өгөх зөвлөмж
Энэ үйл явдал нь гадаадад суралцахаар төлөвлөж буй иргэдэд чухал сургамж болж байна.
Сургуулийн бүртгэл болон төлбөрөө зуучлагч, төлөөлөгчөөр дамжуулан хийхээс өмнө тухайн хүн үнэхээр албан ёсны эрх бүхий төлөөлөгч мөн эсэхийг сургуулиас нь давхар баталгаажуулах шаардлагатай.
Мөн сургалтын төлбөрөө шилжүүлэхээс өмнө сургуулийн ILEP бүртгэл, Learner Protection Insurance хүчинтэй эсэх, сургалтын гэрээ болон бусад баримт бичгийг сайтар шалгах нь зүйтэй.
Төлбөр төлсний дараа бүх баримт, нэхэмжлэх, даатгалын мэдээллээ хадгалан үлдэх нь маргаан гарсан тохиолдолд эрхээ хамгаалах үндэслэл болдог болохыг мэргэжилтнүүд зөвлөж байна.
Эх сурвалжууд:
• RTÉ News
• Irish Examiner
• Irish Examiner
• The Irish Times
• Limerick Post
• Student Campus сургуулийн ажилтнуудаас оюутнуудад илгээсэн албан ёсны цахим шуудан (2026.06.26)
• Монгол оюутан Солонготой хийсэн ярилцлага (2026.06.26)





Comments