Визний ХӨНГӨЛӨЛТ хэрэгжүүлснээр Монгол-Европын харилцааг дараагийн шатанд гаргана
- Mongolian Students Ireland
- Jun 10
- 2 min read

Монгол иргэн Европ руу виз мэдүүлэхэд өндөр хураамж, олон баримт бичиг, урт хүлээлт зайлшгүй дагалддаг. Энэ бүхэн удахгүй өөрчлөгдөж магадгүй.
Энэ оны тавдугаар сарын сүүлчээр Европын Парламентын зургаан гишүүн Улаанбаатарт айлчилж, УИХ-ын гишүүд, сайд нар болон бизнесийн төлөөллүүдтэй уулзсан байна. Хэлэлцүүлгийн нэг гол сэдвүүдтэй нэг нь визний хөнгөлөлт.
Төлөөлөгчдийн бүлгийг тэргүүлсэн Жузеппина Принчи уулзалтад чухал мэдэгдэл хийхдээ: Европын Парламент Монголтой визний хөнгөлөлтийн гэрээний хэлэлцээрийг эхлүүлэхийг Европын Комисс болон ЕХ-ын Зөвлөлд аль хэдийнээ албан ёсоор хүсэлт гаргачихсан байгаа гэжээ. Энэ нь Казахстантай хийж буй хэлэлцээрийн загвартай адилхан байх гэнэ. Эх сурвалж: The Brussels Times - Mongolia seeks EU visa deal amid growing geopolitical ties and trade talks
Тэгвэл Казахстаны жишгээс харахад энэ нь хоосон амлалт биш. Казахстан 2025 оны арванхоёрдугаар сард хэлэлцээрээ эхлүүлснээс хойш ердөө зургаан сарын дотор "эцсийн шатандаа" хүрсэн гэж гадаад хэргийн сайд нь зарлав. Хэрэв амжилттай дуусвал Казахстаны иргэд визийн хураамжаа бараг хагасаар буулгуулж, хянах хугацаа богиносч, олон удаа орох боломж бүхий урт хугацааны виз авах эрхтэй болно.
Энэ бол зөвхөн аялалын асуудал биш.
Монгол Улс хойд хөрш дэлхийн хамгийн том цөмийн гүрэн, урьд хөрш нь дэлхийн хамгийн том эдийн засаг. Гэвч яг энэ нөхцөлд Монгол ардчилсан засаглалаа, чөлөөт сонгуулиа, олон намын тогтолцоогоо гучин гаруй жил бэхтэй хадгалж ирсэн.
Нэмж хэлэхэд Монгол нь зэс, нүүрс, ховор металл зэрэг ЕХ-д эрэлт ихтэй стратегийн түүхий эдийн нөөцөөр баян. Өнөөгийн дэлхийн нөхцөлд байдлаас үүдэн Европын Холбоо Орос, Хятадаас хамаарлаа багасгах, эдийн засгаа төрөлжүүлэх зорилт тавьж байгаа нь нууц биш. Тиймээс "хоёр гүрний хашааны дотор" байгаа найдвартай, ардчилсан, нөөцөд баян түншийг ЕХ орхихыг хүсэхгүй байгаа нь стратегийг асуудал.
Монгол өөрөө ч "гуравдагч хөрш" бодлогынхоо хүрээнд барууны орнуудтай харилцаагаа бэхжүүлэхийг эрмэлздэг. Энэ нь Орос, Хятадын нөлөөллөө тэнцвэртэй байлгах стратегийн сонголт юм. Визний хөнгөлөлт бол энэ харилцааг үгээр биш үйлдлээр бататгах хамгийн бодит алхам.





Comments