Гулливерийн арал, Дракула хоёрын түүх Ирланд
- Mongolian Students Ireland
- Jul 28, 2025
- 2 min read
“Утга зохиол бол Ирландын ард түмний сэтгэл зүрхний илэрхийлэл юм.”Ирланд улс бол зөвхөн ногоон толгод, манантай уулс, далайн эрэг төдий бус, уран зохиолын амьд музей, үлгэр туульсын эх нутаг юм. Түүхийн эхэн үеэс л ирландчууд үлгэр домгоо ардын дуу, яруу найраг, туульсаар дамжуулан амилуулж, хэл, соёлын өвийг үеэс үед уламжилсаар ирсэн. Зарим нь дэлхийд танигдаж, кино урлаг, музей, олон улсын тэмдэглэлт өдрүүдийн нэг хэсэг болсон нь гайхалтай.

Гулливерийн аялал: Дублинээс эхэлсэн дэлхийг тойрсон тууж
Жонатан Свифт бол Ирландын Дублин хотод төрж өссөн алдарт зохиолч бөгөөд 1726 онд анх “Gulliver’s Travels” буюу Гулливерийн Аялал нэртэй уран зөгнөлт туужийг бичсэн. Энэхүү бүтээл нь зөвхөн хүүхдийн үлгэр бус, тухайн цаг үеийн улс төр, нийгмийн ёгт дүрслэл байлаа. Гулливерийн Лилипутуудын ертөнц, аварга хүмүүсийн арал, нисдэг хот зэрэг гайхамшигт орчин нь хүн төрөлхтний сайн муу зан чанарыг харьцуулсан гүн гүнзгий бүтээл байв.

1988 онд, Дублин хотын Dollymount Strand-д энэ зохиолыг амьдруулж, 30 метр урт аварга Гулливерийн хөшөөг далайн эрэг дээр ухаангүй хэвтэж буйгаар байрлуулсан нь олныг гайхашруулсан томоохон урлагийн үйл ажиллагаа болсон. Ирландчууд уран зохиолоо бодитоор хэрхэн амьдруулж чаддагийн тод жишээ юм.
Дракула — Ирландын зохиол дэлхийг хэрсэн кино домог болсон түүх
“Дракула гэдэг нэрийг сонсоход Румын л бодогддог. Харин түүний гарал Ирландад бий гэдгийг цөөн хүн мэддэг.”
Брэм Стокер, Дублин хотын уугуул, 1897 онд бичсэн Dracula романаараа дэлхий дахинд алдартай болсон. Харин энэ зохиол нь зөвхөн ном төдий бус, айдас, адал явдлын төрөл жанрын кино урлагийг үндэслэсэн бүтээл юм.

Dracula романаас сэдэвлэсэн 200 гаруй кино, цуврал, театрын бүтээл бий. Түүний дотор:
1931 оны Universal Pictures-ын “Dracula” (Bela Lugosi)
1992 оны Фрэнсис Форд Копполагийн найруулсан “Bram Stoker’s Dracula” (Gary Oldman, Keanu Reeves, Winona Ryder)
Netflix-ийн “Dracula” цуврал (2020) гэх мэт дэлхийд шуугиулсан бүтээлүүд ирланд хүний бичсэн романаас төрсөн.
Ирландын Dublin хотод байрлах Bram Stoker Dracula Experience музей-д түүний амьдрал, бичгийн эх баримт, урлагт үзүүлсэн нөлөөлөл, айдсын уран зөгнөлийн дэлхийд өгсөн хувь нэмрийг дэлгэрэнгүй харуулсан байдаг.
Бусад Ирланд зохиолууд — Утга зохиолын нууцлаг ертөнц
Жэймс Жойс – UlyssesОрчин үеийн уран зохиолын хувьсгал болсон энэ роман Дублин хотын гудамж бүрийн түүх, иргэдийн бодол, үйлдлийг гүн гүнзгий дүрсэлсэн. “Bloomsday” нэртэй утга зохиолын баяр бүр жил бүрийн зургадугаар сард иргэдийг зохиолын баатар Лопольд Блумын замаар алхуулах уламжлалтай.
W. B. Yeats – Ирланд домгийн яруу найрагчАрдын домог, шидэт ертөнцөөр сэдэвлэсэн уран яруу шүлэг, өгүүллэгүүд нь үндэсний үзэл санаа, оюун санааны хүчийг илэрхийлдэг. Yeats нь Нобелийн шагнал хүртсэн ирланд зохиолч юм.
Самюэл Беккет – Waiting for GodotАмьдралын утга учир, хүний хүлээлт, итгэл найдварын талаар гүн ухааны сэтгэлгээтэй жүжиг. Ирландын театрын урлагт шинэ өнгө нэмж өгсөн бүтээл.
Салли Руни – Орчин үеийн залуусын төлөөлөлNormal People зохиол нь хайр, харилцаа, дотоод сэтгэл, англи-ирландын соёлын ялгааг уран чадвараар харуулдаг ба BBC, Hulu хамтран дэлгэцийн цуврал болгон амжилттай болгосон.
Ирланд бол зөвхөн ном дотор үлдсэн түүх биш, харин дэлхийн кино, театр, уран зөгнөл, соёлын амьд хэлээр оршдог орон. Гулливер далайн эрэг дээр бууж ирсэн шиг, Дракула шөнө дунд босч ирсэн шиг, нэг л өдөр эдгээр бүтээлүүд амьтай мэт таныг хүлээж байхыг үгүйсгэхгүй.





Comments