Ирланд гэр бүлийн нэгдлийн журмаа дахин чангарууллаа
- Mongolian Students Ireland
- Jun 14
- 2 min read

Ирландын Засгийн газар 2026 оны 6 дугаар сарын 12-ноос эхлэн ЕХ-ны бус иргэдийн гэр бүлийн нэгдлийн (Family Reunification) бодлогод нэмэлт өөрчлөлт оруулж, гэр бүлийн гишүүдээ Ирланд руу авчрах хүсэлт гаргагчдад тавигдах орлого болон орон сууцны шаардлагыг улам чангатгалаа.
Шинэ журмын дагуу Ирландын иргэн, Stamp 4 зөвшөөрөл эзэмшигч, General Employment Permit болон Critical Skills Employment Permit эзэмшигчдийн гэр бүлийн нэгдлийн эрх хэвээр үлдэж байгаа ч өргөдөл гаргагчид өмнөхөөс илүү өндөр санхүүгийн болон байрны шалгуур хангах шаардлагатай болж байна.
Орон сууцны шаардлага: 2026 оны 6 дугаар сарын 12-ноос эхлэн General Employment Permit эзэмшигч болон бусад тодорхой ангиллын ивээн тэтгэгчид гэр бүлийн гишүүдээ байрлуулах боломжтой орон сууцтай гэдгээ албан ёсоор нотлох шаардлагатай боллоо.
Мөн төрөөс дэмжлэгтэй зарим төрлийн байранд амьдарч байгаа хүмүүс гэр бүлийн нэгдлийн ивээн тэтгэгчээр бүртгүүлэх боломжгүй болсон байна.
Санхүүгийн босго эрс нэмэгдэв
Ирландын иргэн эхнэр, нөхөр болон хүүхдээ авчрах бол сүүлийн 3 жилийн хугацаанд нийтдээ дор хаяж €75,000-ийн орлого олсон байх шаардлагатай болжээ. Өмнөх босго нь €40,000 байсан бөгөөд шинэ журам хэрэгжсэнээр шаардлага бараг хоёр дахин өссөн байна.
Мөн орлогыг тооцохдоо зөвхөн ивээн тэтгэгчийн өөрийн орлогыг харгалзах бөгөөд гэр бүлийн бусад хүний орлогыг хамтад нь тооцохгүй байхаар болсон байна.
Насанд хүрсэн хүүхэд, эцэг эхийг авчрах нөхцөл хүндэрлээ:
Өмнө нь 18–23 насны бүтэн цагаар суралцдаг хүүхдүүдийг хамааралтай гэр бүлийн гишүүн гэж үздэг байсан бол шинэ бодлогоор энэ боломж хасагдсан.
Одоо зөвхөн ноцтой эрүүл мэндийн болон сэтгэлзүйн шалтгаанаар бие даан амьдрах боломжгүй насанд хүрсэн хүүхдийг "хамааралтай" гэж үзэхээр болжээ.
General Employment Permit эзэмшигчдийн хүлээлгийн хугацаа хэвээр
General Employment Permit эзэмшигчид гэр бүлийн нэгдлийн хүсэлт гаргахаасаа өмнө дор хаяж 12 сар Ирландад ажиллаж, оршин суусан байх шаардлагатай хэвээр байна.
Харин эцэг эх болон бусад насанд хүрсэн хамааралтай төрөл саднаа авчрахын тулд 5 жил хүртэлх хугацааны оршин суух шаардлага үйлчилнэ.
Дүрвэгчдийн журам хамгийн их өөрчлөгдөв: 2026 оны 6 дугаар сарын 12-ноос эхлэн дүрвэгч болон subsidiary protection статус эзэмшигчид ердийн Family Reunification Policy-ийн дагуу өргөдөл гаргах эрхгүй болж байна.
Тэд зөвхөн International Protection Act-ийн хүрээнд гэр бүлийн нэгдлийн хүсэлт гаргах боломжтой болсон бөгөөд өмнөхтэй харьцуулахад боломж нь хязгаарлагджээ.
Ирландад ажиллаж буй Монгол иргэдийн дийлэнх нь General Employment Permit, Critical Skills Employment Permit, Stamp 1G болон Stamp 4 ангилалд хамрагддаг.
Шинэ журмын дараа гэр бүлээ Ирланд руу авчрах боломж хэвээр байгаа боловч:
- Илүү өндөр орлого нотлох,
- Тохиромжтой орон сууцтай байх,
- Төрийн дэмжлэгтэй байрнаас хамаарахгүй байх,
- Илүү өргөн хүрээний баримт бүрдүүлэх шаардлагатай болж байна.
Иймээс ойрын хугацаанд эхнэр, нөхөр, хүүхдээ Ирланд руу авчрахаар төлөвлөж байгаа иргэд өргөдлөө бэлтгэхдээ орлого болон орон сууцны нотлох баримтад онцгой анхаарах шаардлагатай болж байна.





Comments