Зарим нийтлэг өвчний жорыг шууд эмийн санчаас авах боломжтой боллоо
- Mongolian Students Ireland
- Feb 13
- 1 min read

Ирланд Улсад иргэдийн эрүүл мэндийн анхан шатны тусламжийг илүү хүртээмжтэй болгох зорилготой Common Conditions Service нэртэй шинэ үйлчилгээ хэрэгжиж эхэллээ. Энэхүү үйлчилгээний хүрээнд тодорхой хөнгөн өвчний үед иргэд заавал GP эмчид цаг авахгүйгээр, орон нутгийн эмийн сангаар дамжуулан зөвлөгөө, үнэлгээ, шаардлагатай эмчилгээг авах боломж бүрдэж байна.
Уг үйлчилгээг тусгай сургалтад хамрагдсан эмийн сангийн мэргэжилтнүүд үзүүлнэ. Тэд үйлчлүүлэгчийн зовиур, шинж тэмдгийг үнэлж, өөрөө арчлах зөвлөгөө өгөхөөс гадна тохирох эмчилгээ санал болгох юм байна. Харин илүү нарийн онош, эмчийн хяналт шаардлагатай тохиолдолд GP эмчид шилжүүлэх зохицуулалттай.
Common Conditions Service нь харшлын ханиад, нүд болон арьсны зарим үрэвсэл, мөөгөнцөр, шээсний замын энгийн халдвар зэрэг өдөр тутам түгээмэл тохиолддог өвчлөлүүдийг хамарч байна. Эдгээр нь ихэвчлэн богино хугацаанд, хялбар аргаар хянах боломжтой тул эрүүл мэндийн системийн ачааллыг бууруулах ач холбогдолтой гэж албаныхан онцолжээ.
Ирландын Эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр, энэхүү үйлчилгээ нэвтэрснээр GP эмчийн цагийн хүлээлт багасч, илүү хүнд болон яаралтай тохиолдолд эмч нар анхаарал төвлөрүүлэх нөхцөл сайжрах юм. Мөн иргэдэд эрүүл мэндийн тусламжийг илүү ойр, хурдан, бодитой хүргэх бодлогын чухал алхам гэж үзэж байна.





Comments