top of page

Оюутны гарын авлага: Орон сууц (Accommodation)


Ирландад суралцахаар ирж буй Монгол оюутнуудын хувьд байр орон сууц олох асуудал хамгийн эхний, хамгийн чухал сорилт болдог. Учир нь байрны түрээсийн үнэ өндөр, байр олоход өрсөлдөөн их, дээрээс нь гадаад оюутнуудын хувьд мэдээлэл хомс, хэлний болон хууль эрх зүйн ойлголт дутмаг байдаг. Тиймээс ирэхээсээ өмнө байрны төрлүүд, боломжит сонголтууд, анхаарах зүйлс, байршлуудын давуу/сул тал, болон байрны зардлыг сайн мэдэж байх нь таны амьдралын чанар, сэтгэлзүй, санхүүгийн ачаалалд шууд нөлөөлнө.

Байрны төрлүүд ба зардлын дундаж (2025 оны байдлаар):

Байрны төрөл

Давуу тал

Сарын дундаж зардал (€)

🎓 Сургуулийн дотуур байр

Сургуультай ойр, тав тухтай, аюулгүй

€700–€1200

🏡 Host family (гэр бүлтэй хамт)

Хоол орсон, Англи хэлний орчин

€700–€1000

🚪 Хувийн өрөө (private room)

Хувийн орон зайтай

€600–€900

👥 Хуваалцсан өрөө (shared room)

Хамгийн хямд, оюутнуудад тохиромжтой

€350–€600

Монгол оюутнуудын дийлэнх нь хэлний сургуулиудад суралцдаг тул хуваалцсан өрөө (shared room) нь хамгийн боломжийн, хямд сонголт болдог. Энэ нь 2–3 хүнтэй өрөөнд хамт амьдрах хэлбэр бөгөөд түр хугацаанд байраа олох хүртэл эсвэл төсөв хязгаарлагдмал үед тохиромжтой.

Shared Room (Хамтарсан өрөө) – Давуу болон Сул талууд Давуу талууд:

  1. 💶 Хямд зардал

    • Дундаж үнэ нь €350–€500/сар орчим (байршлаас шалтгаална)

    • УБ хотоос ирсэн олон оюутанд санхүүгийн дарамтыг бууруулах сайн арга

  2. 👫 Нийгмийн харилцаа үүсгэнэ

    • Өрөөний хамтрагчтайгаа сайн харилцаа үүсгэвэл ганцаардал багасна

    • Ялангуяа шинэ ирсэн оюутанд хэл сурах, соёл ойлгоход тустай

  3. 💡Аж амьдралын туршлага хуримтлуулах

    • Бусадтай орон зай хуваалцах нь тэвчээр, зохицуулалт, хүндлэл зэрэг чухал чадварыг хөгжүүлнэ

  4. 🏠 Түрээсийн сонголт олдоц ихтэй

    • Shared room бол түрээсийн зах зээл дээрх хамгийн өргөн хүрээтэй сонголтын нэг

Сул талууд:

  1. 😩 Хувийн орон зай хязгаарлагдмал

    • Тайван орчинд амрах, сурахад хүндрэл үүсэж болзошгүй

    • Таны амьдралын хэв маяг өрөөний хамтрагчаас шалтгаалж их нөлөөлнө

  2. 🧼 Цэвэрлэгээ, дэг журам зөрчилдөх

    • Өөр өөр хүмүүстэй хамт байх үед цэвэрлэгээ, эрүүл ахуйн асуудал гарч болдог

    • Зарим хамтрагч гэрийн дүрэм мөрдөхгүй байж болзошгүй

  3. 📦 Аюулгүй байдлын асуудал

    • Хувийн эд зүйлсээ хадгалах, хамгаалах нь бие даасан өрөөнөөс илүү эрсдэлтэй

    • Танихгүй хүнтэй амьдрах учраас итгэлцэл, харилцан ойлголцол чухал

  4. 🕒 Амьдралын хэмнэл зөрөх

    • Шөнө оройтож ирдэг эсвэл өглөө эрт сэрдэг хүмүүсийн хуваарь зөрөхөөс үл ойлголцол үүсдэг

    • Заримдаа унтаж амрахад хүндрэл учруулж болно


Хамт амьдрах хүнээ сонгохдоо сайтар судалж, түрээсийн гэрээний нөхцөлийг анхааралтай уншиж танилцах нь чухал. Мөн өдөр тутмын амьдралд үүсэх үл ойлголцлоос сэргийлэхийн тулд хоол хийх, угаалга, дуу чимээ зэрэгтэй холбоотой цэвэрлэгээ, хэрэглээний дүрэм журмыг урьдчилан ярилцаж тохиролцох хэрэгтэй. Үүнээс гадна өөрийн үнэт зүйлсийг аюулгүй хадгалахын тулд түгждэг хайрцаг эсвэл хувийн шүүгээнд байршуулахыг зөвлөж байна.


Байр хайх вэбсайтууд:

  • Daft.ie – Ирландын хамгийн том байрны зарын сайт

  • Rent.ie – Гэр бүлийн болон орон нутгийн зарууд

  • CollegeCribs.ie – Оюутнуудад зориулсан байр

  • Homestay.com – Host family хайхад

Facebook группүүд: Irelandiin Mongolchuud | Facebook , Ирланд дахь Монголчуудын групп | Facebook зэрэгт зар их гардаг


Луйвраас сэргийлэх:

Сүүлийн жилүүдэд гадаад оюутнууд байрны луйврын хохирогч болох тохиолдол эрс нэмэгдэж байгаа нь хэд хэдэн судалгаа, тайлангаас тодорхой харагдаж байна. ICOS-ийн судалгаагаар гадаад оюутнуудын 13 хувь нь байр түрээслэх явцдаа луйврын хохирогч болдог бол, нийт оюутнуудын 10 хувь нь ийм төрлийн хохиролд өртдөг ч тэдний зөвхөн 11 хувь нь л хууль хяналтын байгууллагад ханддаг байна. UCD-ийн дотоод судалгаагаар тус сургуулийн 50 хувь гаруй оюутнууд луйврын шинжтэй нөхцөл байдалтай тулгарсан гэж хариулсан бөгөөд 3.3 хувь нь бодитоор мөнгөө алдсан, 10-аас доош хувьд нь л хохирлоо сэргээж чадсан гэжээ. Гардаг нийт дүнгээр жилд ойролцоогоор €2,000 орчим хохирол бүртгэгддэг бөгөөд сүүлийн таван жилийн хугацаанд нийт алдагдлын хэмжээ €2 сая давсан байна. Ирландын цагдаагийн байгууллагын (Garda) 2023 оны тайланд дурдсанаар, тухайн онд байртай холбоотой луйварын тоо өмнөх жилүүдтэй харьцуулахад 38 хувиар өссөн бөгөөд 2022–2023 оны хооронд энэ үзүүлэлт 30–39 хувийн өсөлттэй байжээ. Түүнчлэн, оюутны шинэ хичээлийн жил эхэлдэг наймдугаар сараас есдүгээр сар хүртэлх хугацаанд нийт байрны луйварын 33 хувь нь бүртгэгддэг нь шинэ ирж буй оюутнуудыг онилсон луйварчдын идэвхтэй үе болохыг харуулж байна.

  • Түгээмэл луйврын аргууд:

    1. “Байрыг харж болохгүй” гэж хэлэх

      • Түрээслүүлэгч хуурамч этгээд байр гадаадад байгаа, эсвэл түр хугацаанд өөр хотод яваа учраас байраа шууд үзүүлэх боломжгүй гэх мэт шалтаг хэлдэг. Дараа нь байр захиалах гэж мөнгө (депозит) шаардана.

      • Зөвлөгөө: Хэзээ ч байр хараагүй байж мөнгө явуулж болохгүй.

    2. Хэт хямд түрээс санал болгох

      • Хотын төвд байрладаг, бүрэн тавилгатай, шинэ байрыг маш хямд үнээр санал болговол сэжигтэй.

      • Зөвлөгөө: Ирландын зах зээлийн дундаж түрээсийг мэдэж байх хэрэгтэй. Хэт хямд байрыг сэжиглэ.

    3. Airbnb эсвэл Booking линк илгээж мөнгө шилжүүлэхийг шаардах

      • Жинхэнэ Airbnb биш, хуурамч вэбсайт руу чиглүүлж, таны картаас мөнгө татдаг.

    4. Facebook Marketplace болон WhatsApp дамжуулан байр санал болгох

      • Эдгээр сувгаар хуурамч мэдээлэл их байдаг. Жинхэнэ байр шиг зураг тавьж, яаралтай мөнгө хүсэх нь элбэг.

    Сэжигтэй байдлыг илтгэх дохио (Red Flags):

    • Байрыг үзэх боломжгүй.

    • Түрээс хэт хямд.

    • Түрээслүүлэгчийн нэр, хаяг, гэрээ тодорхой бус.

    • Airbnb, Revolut, Western Union гэх мэт платформоор урьдчилгаа мөнгө нэхэх.

    • Гэрээний нөхцөл тодорхойгүй, хэт яаруулах.

    • Имэйл эсвэл WhatsApp дээр Google Translate ашигласан мэт эвгүй найруулгатай бичвэр.

    Найдвартай байр хайх зөвлөмж:

    1. Албан ёсны сайт ашиглах:

      • Daft.ie, Rent.ie, Myhome.ie зэрэг бол найдвартай эх үүсвэрүүд.

      • Зарлал бүрийн доор “Verified Listing” гэсэн тэмдэглэгээтэй эсэхийг шалгаарай.

    2. Байрыг заавал өөрийн биеэр очиж үзэх

      • Хувийн уулзалт, гэрээ хийхээс нааш мөнгө өгөхгүй байх.

    3. Гэрээний нөхцлийг уншиж, бичгээр баталгаажуулах

      • Түрээсийн гэрээтэй, DEPOSIT-оо нотлох баримттай байх. Гэрээ хийхдээ өөрийн хуулбар, оршин суугчийн эрх зөрчөөгүй эсэхийг шалгах.

    4. Irish Council for International Students (ICOS), Citizens Information, Threshold.ie зэрэг байгууллагаас зөвлөгөө авах боломжтой.

    5. Facebook group-д байр зарна гэсэн заруудыг маш болгоомжтой хандах

      • Найзуудаасаа баттай мэдээлэл авсан ч, үзэлгүйгээр мөнгө өгөхөөс зайлсхий.

    💡 Тусгай зөвлөгөө оюутнуудад:

    • Ирээд эхний хэдэн өдөрт hostel эсвэл Airbnb захиалж, тухайн байршилд очсоныхоо дараа байр хайх нь найдвартай.

    • School accommodation office эсвэл оюутны холбоонд хандаж баттай мэдээлэл авах.

    • Нэг өрөөнд 2–3 хүнтэй хувааж амьдрах бол бусад хамт амьдрагчийн мэдээлэл, гэрээний нэр хэний дээр байгааг шалгах.

    • Leap Card авахад хаяг хэрэгтэй болох тул түр оршин суух газрын баттай хаягтай байх нь чухал.


Түрээсийн дундаж үнэ: Байршлаар (2025 оны 6-р сарын байдлаар)

Байршил

Хувийн өрөө (€)

Хуваалцсан өрөө (€)

Dublin City Centre (D1, D2)

€900–€1200

€600–€700

Drumcondra / Phibsborough

€700–€850

€450–€600

Clondalkin / Tallaght

€600–€750

€400–€550

Finglas / Ballymun

€550–€700

€350–€500

Cork / Galway / Limerick

€450–€650

€300–€450

 *энэхүү судалгаанд ливинг өрөөнд амьдардаг тохиолдолыг оруулаагүй болно. Түрээсийн мэдээллийг Daft.ie, Rent.ie, болон itson.ie судалгаа, жишээ зар-уудаас хослуулан үнэлэлт хийсэн. House Sharing in Ireland: Why More People Are Choosing to Split the Rent in 2025 

Хотын төвөөс хол байр нь илүү хямд бөгөөд оюутны хувьд илүү тохиромжтой байж болно.

Хотын төв vs Захын бүс

  • Хотын төв нь үнэтэй, ачаалал ихтэй, заримдаа аюулгүй байдлын асуудалтай.

  • Захын бүсүүд нь илүү ногоон, тайван, хямд, мөн гэр бүл эсвэл олон хүнтэй амьдрахад тохиромжтой.

  • Leap Card ашиглан 30–45 минут явах бол асуудал биш. Оюутны Leap Card авбал автобусаар €1 үнээр 90 минутын дотор хэд хэдэн унаанд суух боломжтой.

 
 
 

Comments


  • Instagram
  • Facebook

© 2035 by TheHours. Powered and secured by Wix

bottom of page