Ирландын шинэ ерөнхийлөгч Кэтрин Коннолли
- Mongolian Students Ireland
- Oct 27, 2025
- 2 min read

Кэтрин Коннолли 2025 оны 10-р сард Ирландын арван дахь ерөнхийлөгчөөр сонгогдож, нийт саналын 63 орчим хувийг авч үнэмлэхүй ялалт байгуулсан юм. Тэрээр нийт 914 мянга гаруй анхны санал авч, Ирландын ерөнхийлөгчийн сонгуулийн түүхэнд хамгийн олон санал авсан нэр дэвшигч болж, шинэ дээд амжилт тогтоолоо.
Коннолли бол Ирландын түүхэнд ерөнхийлөгчийн албыг хашиж буй гурав дахь эмэгтэй бөгөөд 2025 оны 11-р сарын 11-нд тангараг өргөж, Майкл Д. Хиггинсийг залгамжилна. Түүний ялалт нь ирландчууд уламжлалт улс төрийн хүрээнээс гадуур, бие даасан үзэл санаа ба шударга ёсыг илүү дэмжиж эхэлсний илэрхийлэл гэж ажиглагчид дүгнэж байна.
Голуэй хотын Shantalla хороонд ажилчин ангийн гэр бүлд өссөн тэрээр 14 хүүхэдтэй айлын нэг бөгөөд ээж нь есөн настайд нь нас баржээ. Энгийн гаралтай, хөдөлмөрч эмэгтэй өдгөө Ирландын төрийг тэргүүлэх болсон нь олон иргэнд урам зориг өгч байна.
Мэргэжлийн хувьд Коннолли сэтгэл судлаач, өмгөөлөгч бөгөөд Голуэйгийн их сургуульд суралцаж, улмаар олон нийтийн ажилд идэвхтэй оролцож ирсэн. Тэрээр өмнө нь Голуэй хотын зөвлөлийн гишүүн, 2004–2005 онд хотын дарга, дараа нь 2016 оноос Голуэй Баруун тойргийн парламентын гишүүн байжээ.
Тэрээр улс төрийн намд харьяалагддаггүй бие даагч боловч Хөдөлмөрийн нам, Нийгмийн демократууд, Шинн Фейн зэрэг зүүн чиглэлийн намуудаас өргөн дэмжлэг авсан. Сонгуулийн кампанит ажлын үеэр “Бүх ирландчуудын ерөнхийлөгч байх болно” хэмээн мэдэгдэж, нийгмийн тэгш байдал, эв нэгдэл, хэл соёлын олон янз байдлыг хамгаалахыг онцолсон.
Коннолли уур амьсгалын өөрчлөлт, нийгмийн шударга ёс, Ирландын цэргийн төвийг сахих бодлого зэрэг асуудлаар тодорхой байр суурьтай бөгөөд эдийн засгийн шударга ёс ба байгаль орчны хамгааллыг тэргүүлэх чиглэлээ болгожээ.
Тэрээр 1957 онд Голуэй хотод төрсөн, 2006 онд Хөдөлмөрийн намаас нэр дэвшүүлэхтэй холбоотой маргааны дараа намаасаа гарсан байна. Ирланд хэлээр чөлөөтэй ярьдаг бөгөөд эх хэл, соёлоо хамгаалж түгээн дэлгэрүүлэхийг эрхэмлэдэг.
Энгийн гарал, нийгмийн шударга ёсны үзэл санаа, олон нийттэй ойр харилцаагаараа Кэтрин Коннолли өнөөгийн Ирландын хамгийн итгэл төрүүлэх удирдагчдын нэг болж байна. Түүний ерөнхийлөгчийн бүрэн эрх ирэх жилүүдэд Ирландын нийгмийн үнэт зүйл, дэлхийд эзлэх байр сууринд шинэ өнгө төрх авчрах хүлээлттэй байна.





Comments