ИРЛАНДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ ЛАЙМЫН /ХАЧИГНИЙ/ ӨВЧНИЙ ТАЛААР ЯАРАЛТАЙ СЭРЭМЖЛҮҮЛЭГ ГАРГАЛАА
- Mongolian Students Ireland
- May 10
- 1 min read

Ирландын Эрүүл мэндийн албаны (HSE) Эрүүл мэндийн хамгааллын хяналтын төв (HPSC) энэ зун хачиг улсын хаа сайгүй тархсантай холбогдуулан Лаймын өвчний талаар яаралтай сэрэмжлүүлэг гаргалаа.
Мэргэжилтнүүдийн мэдээлснээр, хачиг нь Ирландын хот, хөдөөгийн аль ч орчинд тархсан бөгөөд жил бүр хэдэн зуун хүн Лаймын өвчнөөр өвчилдөг байна. Нийгмийн эрүүл мэндийн зөвлөх Пол МакКеон: "Хавар, зуны улиралд гадаа цагаа өнгөрөөдөг хэн бүхэн хачигны хазалтаас өөрийгөө хамгаалах ёстой. Хачигны хазалтаас сэргийлснээр Лаймын өвчнөөс урьдчилан сэргийлнэ" гэж онцоллоо.
Лаймын өвчний шинж тэмдэг
Өвчний гол шинж тэмдэг нь хачиг хазсан газрын эргэн тойронд "бухын нүд" хэлбэрийн тойрог улаан тууралт гарах явдал юм. Мөн томуу шиг халуурах, биеийн өвдөлт зэрэг шинж тэмдгүүд ажиглагдаж болно. Цаг тухайд нь эмчилгээ хийлгэхгүй бол мэдрэлийн тогтолцоо, зүрх болон үений хүнд өвчин үүсэх эрсдэлтэй.

Хачиг хазсан тохиолдолд яах вэ?
Хачиг олдвол хавчаараар арьсны ойролцооноос зуурч, аажмаар дээш татан авах шаардлагатай. Хачигны аман хэсгийг хамт бүрэн авч, зуулсан газрыг саван, усаар угааж, хэдэн долоо хоногийн турш хавдар, улайлт гарч байгаа эсэхийг ажиглах хэрэгтэй. Хэрэв хачигны хазсан эхний цагуудад авч хаявал халдварын эрсдэл маш бага байдаг.
Урьдчилан сэргийлэх арга хэмжээ
HSE дараах зөвлөмжийг өгч байна:
- Урт өмд, урт ханцуйтай цамц, малгай өмсөх
- DEET агуулсан шавж зайлуулах бодис хэрэглэх
- Гадаа явсны дараа арьс, үс болон биеийн дулаан хэсгүүдийг, ялангуяа хүүхдийн хүзүү, толгойг нягт шалгах
- Тэжээвэр амьтан болон гадуур хувцасыг мөн шалгах
Тууралт буюу бусад шинж тэмдэг илэрвэл нэн даруй эмчид хандаж, хачиг хазсан тухай мэдэгдэхийг эрүүл мэндийн байгууллага иргэдэд уриалж байна. Лаймын өвчнийг антибиотикоор амжилттай эмчилдэг бөгөөд эрт илрүүлэх нь эмчилгээний үр дүнг эрс дээшлүүлдэг гэжээ





Comments